Хоригдсон этгээд болон хоригдол бусадтай уулзах, харилцахад шаардлагатай мэдээлэл

 СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС

19 дүгээр зүйл.Хоригдсон этгээд өмгөөлөгч болон төрөл садан, бусад хүмүүстэй уулзах

19.2. Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно.

19.3. Хоригдсон гадаад улсын иргэн нь энэ хуулийн 19.2-т заасан албан тушаалтны зөвшөөрлөөр хорих байрны захиргаагаар дамжуулан өөрийн улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтантай уулзаж болно.

19.4. Хоригдсон этгээд төрөл садан болон бусад хүмүүстэй уулзахад хорих байрны харуул хамгаалалтын ажилтан байлцана. Хориглосон хүнсний болон бусад зүйл, эсхүл гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах буюу гэмт хэрэг үйлдэхэд хүргэх мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд уулзалтыг нэн даруй таслан зогсооно.

“ХОРИХ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ”-ААС

Арван хоёр. Хоригдсон этгээдийн ахуй хангамж, үйлчилгээ

12.1. Хоригдсон этгээдэд болон хорих өрөөнд дараах эд зүйл байлгахыг зөвшөөрнө:

12.1.1. тухайн улирлын нэг удаагийн солих хувцас, гурван ээлжийн дотуур хувцас;

12.1.2. шүдний оо, саван, сойз, алчуур бусад зайлшгүй шаардлагатай ариун цэврийн хэрэглэл /сахлын, хумсны хутгаас бусад/;

12.1.3. хөнжил, дэр, гудас, цагаан хэрэглэл;

12.1.4. зөвшөөрөгдсөн аяга, халбага;

12.1.5. эрүүл ахуйн шаардлага хангасан дөрвөн кг хүртэлх гурилан бүтээгдэхүүн;

12.1.6. эмчийн бичгээр зөвшөөрсөн мансууруулах, тайвшруулахаас бусад эм /тоо, ширхэг, нэрийг дурдсан байна./;

12.1.7. аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүл, хэвлэл;

12.1.8. бичгийн цаас, дугтуй, бал;

12.2. Энэ журмын 12.1-д зааснаас бусад эд зүйлсийг хоригдсон этгээдэд болон хорих өрөөнд байлгахыг хориглоно.

Арван  гурав. Хоригдсон этгээд бусадтай уулзах

13.1. Хоригдсон этгээдийн уулзалтыг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны албан ёсны зөвшөөрлийг үндэслэн 7 хоногт 2 удаа 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд цагийн хуваарийг нийслэлд хорих байрны, орон нутагт шийдвэр гүйцэтгэх албаны дарга батална.

13.2. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон этгээдийн уулзалтыг нийслэлд хорих байрны, орон нутагт шийдвэр гүйцэтгэх албаны дарга шийдвэрлэнэ.

13.3. Хоригдсон этгээдийг нэг удаагийн уулзалтаар гурваас илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтыг 20 минутаас дээшгүй хугацаагаар харуул хамгаалалтын ажилтан байнгын хяналт тавих ба хорих байранд хориглосон зүйл дамжуулахыг хориглоно.

13.9. Хоригдсон этгээдийн төрөл садан энэ журмаар зөвшөөрсөн эд зүйлсийг хорих байрны захиргаанд ажлын өдрүүдэд бичгээр хүсэлт гаргаж, илгээмж хэлбэрээр хүргүүлж болно.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИАС

213 дугаар зүйл. Хоригдол бусадтай уулзах, харилцах

213.1. Хоригдол зохих хяналтад эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийж болно.

213.2. Хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацааг 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацааг 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна.

213.3. Удаан хугацаагаар уулзах хүн түүний гэр бүлийн гишүүн мөн болохыг нотолсон хууль ёсны баримт бичигтэй байна.

213.5. Хоригдлын нэг удаа утсаар ярих хугацаа 5 минутаас илүүгүй байна.

“ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРАМ”-ААС

Арван тав. Түр, удаан хугацааны уулзалтыг зохион байгуулах

15.1. Уулзалтаар ирэгсдийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол, бүртгэлийн байгууллагын лавлагаа, гэр бүлийн баталгаа, түүний хуулбарыг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг шалган, хорих ангийн дэглэм, зэрэглэлийн дагуу хуулиар тогтоосон уулзах хугацааг магадлан тодорхойлно.

15.2. Түр уулзалтын хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байх ба 1 удаа 5-аас дээшгүй хүнтэй уулзалтыг зохион байгуулна.

15.3. Уулзалтын хүсэлтийг ажлын өдрийн 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авч уулзуулах эсэхийг шийдвэрлэн, амралтын өдөр, ажлын бус цагт тухайн хорих ангиас алслагдсан өөр хот, аймаг, сумаас ирэгсдийг уулзуулах асуудлыг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.

Арван зургаа. Түр хугацааны уулзалт

16.1. Түр уулзалт ажлын өдрийн 10:00-17:00 цагийн хооронд явагдаж дууссан байна.

16.3. Түр хугацааны уулзалтыг цахим хэлбэрээр явуулж болно. Цахим уулзалтын цагийг биечлэн, утсаар болон цахим хэлбэрээр баталгаажуулна.

Арван долоо. Удаан хугацааны уулзалт

17.2. Уулзалтаар ирэгсдийн хувийн хэрэгцээнд хэрэглэх 20 кг-аас дээшгүй хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлсийг удаан хугацааны уулзалтын байранд нэвтрүүлж болох бөгөөд хүнсний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг уулзалтаар ирэгсэд өөрсдөө бүрэн хариуцна.

17.3. Удаан хугацааны уулзалтын байр нь төлбөртэй байна.

Хорин хоёр. Хоригдол утсаар ярих

22.1. Хоригдол хуульд заасан хугацаанд ажлын өдөр 10:00-16:00 цагийн хооронд суурин утсыг зохих хяналтанд ашиглана.