ТУС ГАЗРЫН ЗҮГЭЭС УРИАЛЖ БАЙНА.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулж байна.

ДУЛААНАА ЦАХИЛГААН ХАЛААГУУРААР ШИЙДСЭН ӨРХӨӨС БУСАД НЬ 17-21:00 ЦАГТ НЭМЭЛТ ЦАХИЛГААН ХАЛААГУУР АШИГЛАХГҮЙ

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө.

Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна. Жишээлбэл өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ 12 дугаар сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлөхөөр журамд тусгажээ. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, ААН-д дэмжлэг үзүүлэхээр цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, ус тогны мөнгийг төрөөс даахаар болсон. Үүнтэй холбоотой журам гарлаа. Цахилгаан эрчим хүч, уурын төлбөрийг тэглэхтэй холбоотой энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөхөөр боллоо. Айл өрхүүдийн хувьд 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй гэж тооцож байна” гэлээ.

Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн гэдгийг салбарын сайд хэлсэн юм. Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой юм байна. 

Back to top button