ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ТҮҮХЭН ТОВЧООН

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоол, Завхан аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги” нэртэйгээр “Агьтийн ам” хэмээх газар дарга, ня-бо, тоо бүртгэлийн байцаагч, хянагч, харуулын бага дарга, нярав, жолооч гэсэн 10 орон тоотойгоор байгуулагдаж анхны даргаар нь ахмад Д.Энхтайван томилогдон ажилласнаар эхэлжээ.

Хонхор, Ганц худаг дахь хорих ангиудаас Завхан аймгийн харьяат 6 ялтныг татан авчирч одоогийн наадмын талбайн дээд талд байсан зуны цэцэрлэг гэгчийн байшин, барилгыг буулган авч ажилтнууд хоригдлынхоо хүчээр Засан хүмүүжүүлэх ангийнхаа анхны барилга байгууламжуудыг барьж байжээ. Улмаар 1994 оны намар “Донойн хөндий”-д нүүдэллэн байршиж ажиллаж байгаад 1996 оны 04 дүгээр сард Улиастай сумын төвөөс 5 километрт орших “Шохойн ам” гэдэг газар шилжин  тухайн үедээ 60-80 тооны ялтныг хүлээж авах хүчин чадалтай Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газрын харьяа Хорих 451 дүгээр анги болон өөрчлөн зохион байгуулагджээ. Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газраас шинэ байгуулагдаж буй ангид ЗИЛ-130 машин, 100 гаруй толгой бог, 10 гаруй үхэр, 30 гаруй адуу зэрэг малыг шилжүүлэн өгснөөр 251,4 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 183,1 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй жилд 864,2 мянган төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага байсан байна.

Хорих анги нь 20 алба хаагчтай 100-120 хоригдолтой гэрээгээр албан байгууллага хувь хүмүүст ажиллаж мод бэлтгэх, ой цэвэрлэх, газар тариалан эрхлэх аймаг, сумын тохижилтын ажлыг хийж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 299 дүгээр тогтоолоор Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын Шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс, Хорих Байгууллагуудын Удирдах Газрыг нэгтгэн Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газар болгон өөрчилж Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1996 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Алба зохион байгуулах” тухай А/169 дугаар тушаалаар орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэлийн хэсэг, тасгууд Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд харьяалагдаж Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх алба  болон зохион байгуулагджээ.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдаж Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоол хорих 451 дүгээр ангийг татан буулгаж баривчлах байр болгох өөрчлөх шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/105 тоот тушаалаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх алба”-ыг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” болгон өөрчлөн зохион байгуулж, Завхан аймгийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар захирамжаар Цагдаагийн хэлтсийн мэдэлд байсан цагдан хорих, албадан саатуулах байр, ажилтан болон орон тоо, төсөв, хуяглан хүргэлтийн авто машин болон бусад хөрөнгийн хамт Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн өгч тэр үеийн хорих ангид ял эдэлж байсан ялтнуудыг төвлөрсөн ангиудад байршуулснаар зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих албадан саатуулах, баривчлах ялыг биечлэн эдлүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрчилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх Хууль зүйн хэлтэст ахлах шийдвэр гүйцэтгэгч-1, шийдвэр гүйцэтгэгч-4 орон тоотой ажиллаж байгаад Завхан аймгийн Засаг даргын 1993 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 108 тоот захирамжаар аймгийн Шүүхийн харьяалалд шилжүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 299 дүгээр тогтоолоор орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэлийн хэсэг, тасгууд Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд харьяалагдах болсон байна. Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайдын 2002 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 118 тоот тушаалаар аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн тойргийг тогтоон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2002 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн А/80 тоот тушаалаар тус аймгийн сумдыг 5 тойрогт харьяалуулан тогтоожээ.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн А/111 тоот тушаалаар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Тосонцэнгэл суманд Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийг байгуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн тасаг, цагдан хорих болон баривчлах ял эдлүүлэх байрыг харьяалсан 39 алба хаагчтай 204500.0 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 11 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй комьютерийн дотоод сүлжээнд холбогдсон орчин үеийн техник хэрэгсэл, богино долгионы суурин болон гар станц, тавилгаар хангагдсан албаны 3 давхар контор, амралтын газар, хүнсний ногооны талбай, шуурхай албаны зориулалттай 3 автомашин, тусгай хамгаалалтын хашаа, цагдан хорих, баривчлах ял эдлүүлэх байрны барилгатай болтлоо өргөжин хөгжиж ажиллах нөхцөл бололцоо материаллаг баазаар хангагдсан байна. Цагдан хорих байранд жилдээ 80-90 сэжигтэн, яллагдагч, баривчлах ялаар шийтгүүлсэн 35-45 ялтан хүлээн авч, 200.0 гаруй сая төгрөгийн өр төлбөрийн 180 гаруй гүйцэтгэх хуудас хүлээн авч байв.

2005 онд Улиастай сумын төвд албаны нэгдсэн конторын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр аж ахуйн аргаар барьж ашиглалтад оруулсны дээр цагдан хорих байрны доод давхарт баривчлах ял эдлүүлэх байрыг хуулийн стандартад заасан шаардлагын дагуу хорих 8 өрөөтэйгөөр зохион байгуулсан.

2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдаж баривчлах ял эдлүүлэх ажиллагааг байхгүй болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1052 дугаар тушаалаар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болгон өөрчлөн зохион байгуулсан.

2016 оны 05 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод хөрөнгөөр Нэг цэгийн үйлчилгээ бүхий албан контор цагдан хорих байрны барилгын ажлыг эхлүүлж 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна. Уг байр нь 4 давхар /зоорийн давхрын хамт/ 80-90 хоригдогч хүлээн авах багтаамжтай 1440 мкв талбайтай алба хаагчдын ажиллах нөхцөл, олон улсын стандартын шаардлага, хүний жам ёсны эрхийг бүрэн хангасан, телекамер, техник хэрэгслээр бүрэн хангагдсан байр болсон. 2018 оны Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ч.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцаад хүний жам ёсны эрхийг бүрэн хангасан байна гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн.

Тус байгууллагын анхны даргаар ахмад Д.Энхтайван 1991-1993 он, хошууч В.Содномцэрэн 1993-1994 он, ахлах дэслэгч Д.Пашка 1994-1995 он, дэд хурандаа П.Болд 1995-1997 он, хурандаа Д.Бат-Эрдэнэ 1997-2004 он, хурандаа В.Хосбаяр 2004-2007 он, дэд хурандаа Ц.Ишдорж 2007-2011, хурандаа С.Энхтуяа /2011-2013/, хошууч Д.Мөнхбаяр /2013-2016/, дэд хурандаа Б.Ууганбаатар 2016-2019 он, хурандаа Б.Батжаргал 2019-2020 он, 2021 оны 11 дүгээр сараас хошууч Л.Баасансүрэн томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Тус газар нь менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт, ажил үйлсээрээ манлайлан 2005, 2006, 2017, 2018, 2020, 2021 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  хэмжээнд тэргүүн байр, 2007, 2009, 2015, 2016 онуудад гуравдугаар байранд орсон амжилт үзүүлсэн байна.