Байгууллагын түүхэн замнал

             Тус газрын түүх нь Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын харъяа Завхан аймгийн “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги” 1991 онд “Агьтийн ам” хэмээх газар дарга, ня-бо, тоо бүртгэлийн байцаагч, хянагч, харуулын бага дарга, нярав, жолооч гэсэн 10 орон тоотойгоор байгуулагдаж анхны даргаар нь ахмад Д. Энхтайван томилогдон ажилласнаар эхэлжээ. Хонхор, Ганц худаг дахь хорих ангиудаас Завхан аймгийн харъяат 6 ялтныг татан авчирч одоогийн наадмын талбайн дээд талд байсан зуны цэцэрлэг гэгчийн байшин, барилгыг буулган авч ажилтнууд хоригдлынхоо хүчээр Засан хүмүүжүүлэх ангийнхаа анхны барилга байгууламжуудыг барьж байжээ. Улмаар 1994 оны намар “Донойн хөндий”-д нүүдэллэн байршиж ажиллаж байгаад 1997 оны 03 сард Улиастай сумын төвөөс 5 километрт орших “Шохойн ам” гэдэг газар шилжин байршиж энэ үедээ 60-80 тооны ялтныг хүлээж авах хүчин чадалтай Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газрын харъяа Хорих 451-р анги гэж байгаад Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/105 тоот тушаалаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх алба”-ыг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” болгон өөрчлөн зохион байгуулжээ.

              “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжэýний тухай Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ний өдрийн 155 дугаар тогтоолоор Цагдан хорих төв, аймаг орон нутгийн хорих байрыг ажилтан болон орон тоо, төсөв, хуяглан хүргэлтийн машин бусад хөрөнгийн хамт Цагдаагийн Ерөнхий Газрын харъяаллаас Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяалалд шилжүүлэхээр зааж тэр үеийн хорих ангид ял эдэлж байсан ялтнуудыг төвлөрсөн ангиудад байршуулснаар зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих албадан саатуулах, баривчлах ялыг биечлэн эдлүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрчилжээ.

                Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газраас шинэ байгуулагдаж буй ангид ЗИЛ-130 машин, 100 гаруй толгой бог, 10 гаруй үхэр, 30 гаруй адуу зэрэг малыг шилжүүлэн өгсөнөөр 251,4 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 183,1 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй жилд 864,2 мянган төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага байсан байна.

               Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх Хууль зүйн хэлтэст ахлах шийдвэр гүйцэтгэгч-1, шийдвэр гүйцэтгэгч-4 орон тоотой ажиллаж байгаад Завхан аймгийн Засаг даргын 1993 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 108 тоот захирамжаар аймгийн Шүүхийн харъяалалд шилжүүлжээ.

             Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 299 дүгээр тогтоолоор Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын Шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс, Хорих Байгууллагуудын Удирдах Газрыг нэгтгэн Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газар болгон өөрчилснөөр орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэлийн хэсэг, тасгууд Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд харъяалагдах болсон байна.