“НОМЫН ХАНДИВ” САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжоор хангах зорилгоор Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн “Боролдой” номын дэлгүүртэй хамтран “Ном хандивлах” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Номын хандивын аянд тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт идэвхтэй хамрагдлаа.

Тус газрын хоригдогсдын номын санд монгол ёс заншил, шүлэг, яруу найраг, боловсрол соёлын, шашны, анагаах ухааны, гадаадын болон монголын уран зохиолын ном, сурах бичиг зэрэг хоригдол, хоригдогч нарын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхүйц 300 гаруй номоор баяжилт хийгдлээ.

“Номын хандив” сайн үйлсийн аяныг зохион байгуулж, бидэнтэй хамтран ажилласан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зорилтод бүлгийн залуучууд, сургалт хариуцсан ажилтан П.Нинжбадгар, аймгийн “Боролдой” номын дэлгүүрийн эрхлэгч И.Норжмаа, аймгийн төв Гандан хийдийн олон нийттэй харилцах албаны дарга, гэвш С.Базаргүрэв болон номын хандив өргөсөн иргэд, байгууллага, хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.